1. Хэрхэн виз мэдүүлэх вэ?
Монгол Улсын иргэд Бали (Индонез) арлыг зорихоос өмнө Indonesian Immigration eVisa албан ёсны сайтаар нэвтэрч 30 хоногийн хугацаатай цахим виз (e-VOA - Электрон виз) эсвэл хил дээр (VOA) шууд авах боломжтой.
Алхам 1: Виз мэдүүлэхэд шаардлагатай зүйлс бэлтгэх
Гадаад паспорт (Бали орох өдрөөс хойш дор хаяж 6 сарын хүчинтэй, доод тал нь 2 хоосон хуудастай байх).
Очих болон буцах нислэгийн баталгаажсан тийз.
3х4 хэмжээтэй цээж зураг (цагаан фонтой).
Олон улсын төлбөрийн карт (Visa, Mastercard, эсвэл JCB).
Алхам 2: e-VOA цахим виз мэдүүлэх
Indonesian Immigration eVisa сайтад хандан шинээр бүртгэл үүсгэн нэвтэрнэ.
"Visa on Arrival" (B1 Tourism) ангиллыг сонгоно.
Паспортын мэдээллээ үнэн зөвөөр бөглөж, шаардлагатай зураг болон файлуудыг хавсаргана.
Визийн хураамж болох 500,000 индонез рупи (ойролцоогоор 35 ам.доллар) -ийг онлайнаар төлнө.
Таны мэдүүлэг баталгаажсаны дараа цахим виз PDF файлаар имэйл хаягт ирэх ба утсандаа хадгалах эсвэл хэвлэж авна.
Алхам 3: Нэмэлт мэдүүлэг бөглөх (Заавал хийх алхам)
Бали арал дээр очихоос 3 хоногийн өмнө All Indonesia System сайтаар орж цахим гаалийн мэдүүлэг болон бусад бүртгэлээ бөглөж QR код үүсгэнэ. Мөн аялал жуулчлалын албан ёсны хураамж болох 150,000 IDR (ойролцоогоор 10 ам.доллар)-ийг Love Bali Tourist Levy хуудсаар урьдчилан төлөх шаардлагатай.
Жич: Хэрэв та визээ онлайнаар амжиж аваагүй тохиолдолд Бали (Ngurah Rai) олон улсын нисэх буудалд буугаад шууд (Visa on Arrival) хэсэгт визээ 35 ам.доллароор худалдан авах боломжтой.
* Мэдүүлэх хуудасаа хэрхэн бөглөх вэ? *
Индонезийн Засгийн газар олон улсын зорчигчдын хилээр нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор “All Indonesia” нэртэй нэгдсэн дижитал мэдүүлгийн системийг нэвтрүүлж байна. Уг системийг 2025 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс Жакарта, Бали, Сурабаягийн олон улсын нисэх буудлуудад туршилтаар эхлүүлж, 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүх нисэх буудлуудад бүрэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
“All Indonesia” нь тус улсын цагаачлал, гааль болон бусад холбогдох байгууллагын мэдүүлгийг нэгтгэсэн нэгдсэн платформ бөгөөд зорчигчдод шаардлагатай мэдээллээ нэг дороос бөглөх боломж олгож, хилээр нэвтрэх үйл явцыг түргэн шуурхай болгож байна.
Зорчигчид хилээр нэвтрэхээс өмнөх 3 хоногийн дотор http://allindonesia.imigrasi.go.id/ цахим хуудсаар эсвэл iOS, Android аппликейшнээр мэдүүлгээ бөглөж, үүсэх QR кодыг хил дээр зайлшгүй уншуулах шаардлагатай.
* Аялал жуулчлалын хураамж төлөх тухай.*
Мөн түүнчлэн Бүгд Найрамдах Индонез Улсын Бали арлыг зорих гадны жуулчдаас 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 150,000 индонез рупий буюу 10 орчим ам.долларын “аялал жуулчлалын хураамж “The International Tourist Levy”-ийг авах шийдвэрийг тус арлын захиргаанаас гаргасан байна.
Бали арлын аялал жуулчлалын хураамжийг тус арал руу зорчихын өмнө “www.lovebali.baliprov.go.id” цахим холбоосоор нэвтэрч, бүртгэл үүсгэн цахим хэлбэрээр урьдчилан төлөх, хураамж төлсөн баримтыг Бали арлын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт уншуулж, баталгаажуулах шаардлагатайг анхаарна уу.
Жич: Энэхүү аялал жуулчлалын хураамж нь Индонез Улсын бусад хот, мужаас Бали арлыг зорих гадаад улсын жуулчдад мөн адил үйлчлэх ба албан болон хөдөлмөр эрхлэх, эсхүл суралцах албан ёсны виз, зөвшөөрөлтэй иргэдэд үйлчлэхгүй.
Бүх мэдээ рүү буцах